Бөр-Өндөр уул

Цэнхэрмандал сумын төвөөс чанх урагш 7н км зайд Хужхан багийн нутагт Бор-Өндөр хэмээх нутгийнханы тахин шүтдэг уулын орой дээр тахилгат овоо оршино.Бор өндөр уулын овоо нь Лус савдагийн овоо гэж нэрлэгдэх бөгөөд дугуй хэлбэртэй сүүлд сэргээн засахдаа дөрвөн талд нь тахилгын мод босгон хамгаалсан ба голд нь шашны зориулалтаар босгосон тахилгат модонд ард иргэд амьдрал ахуйгаа даатган хадаг уян залбирдаг. Бор өндөрийн овооны Лус савдаг нь өвөл унтаж хавар сэрдэг тул нутгийн ард иргэд зуны эхэн сард овоог бүрэн сэрсэн үед тахин шүтэж идээ ундаа шүүс зооглуулдаг. Бор-Өндөр овоог нутгийнхан шүтэж тахин үргэлж цайны дээжээ өргөж ажил үйлс амьдрал ахуйгаа даатгадаг. Овоог тахихдаа шүүсээр тахьдаг. Овоон дээр эмэгтэйхүн гарах болон архи уухыг цээрлэдэг. Тахилгын ёслолын өдрийг зуны эхэн сард  орон нутгийн иргэд хийдийн лам нараар тахилга тахих ном хурж тахидаг байна. Бор өндөр уулын овоог тахихад зориулсан ном судар байсан бөгөөд үүнийг нутгийн ахмад буурай Г.Гонсжав нь таалал төгсөхөөсөө өмнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хийдэд өгсөн байна. Сумын удирдлагууд уг судрыг  одоог хүртэл олж авч чадаагүй байна. Сүүлийн үед 1990 оноос жил бүр сумаас  тахиж эхэлсэн бөгөөд 1994 оноос нутгийн айлууд ээлжлэн тахих болсон ба 1 айл 3н жил тасралтгүй тахин дараагийн айлд хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгдөг болсон байна.

-Овоон дээр ном хурж дуусаад тогтсон газар нутгийн зон олон цуглаж идээ ундаа шүүс зооглож хүүхдүүдэд гарын бэлэг тараана.

-Овооны наадамд зодголсон бөхчүүд барилдана

-Овоонд зориулсан хурдан морьдын уралдаан болно

-Овооны наадамд түрүүлж айрагдсан морь болон бөхийг байлж шагнана.

2022-10-05 10:02:36