Цэнхэрмандал сумын танилцуулга

Цэнхэрмандал сум нь хуучин Эх Дагинын отог гэж байсан бөгөөд 1925 онд Баянзүрх уулын хошууг шинээр байгуулагдахад Цэнхэрмандал сум гэж Наран, Бор хужирын хөлд эсгий гэртэй анх байгуулагджээ. Нийт 319.2 мянган /га/ газар нутагтай. Далайн түвшнээс дээш 1200-1500 м-т оршдог. Газар зүйн байршлын хувьд зүүн хойд талаараа Өмнөдэлгэр сум, зүүн урд талаараа Жаргалтхаан сум, өмнөд талаараа Дэлгэрхаан сум, баруун хойд талаараа Төв аймгийн Мөнгөнморьт сум, баруун талаараа Багануур дүүрэг Хэрлэн голоор хиллэж оршдог. Хангайн нутгийн төрөл бүрийн ан амьтан элбэгтэй аялал жуулчлал хөгжсөн, ашигт малтмалаар баялаг, уул уурхайн үйлдвэрлэл хөгжсөн нутаг юм. Тус сумын төв буюу Баянмод баг нь зүүн чиглэлийн мянганы зам дагуу Улаанбаатар хотоос 200 км, Чингис хотоос 150 км-т байдаг. Засаг захиргааны 4 багтай, Нугаар багийн төв сумын төвөөс 23 км, Хужхан багийн төв 17км, Согоот багийн төв 22 км-т тус тус оршдог. 

2022-10-05 09:53:26