Өнө цагийн оонон харуу, Өвгөн ноёны алтан хишиг үү, Олойр татсан тэнгэрийн заадасуу, Од хайраагүй нар сар тамга уу хэмээн яруу найрагч агсан Цэндийн Чимиддорж Сандагдорж агсаны хар азаргыг хараад ийнхүү шүлэглэсэн байдаг. Хар азарга нь 1987 оны хаврын өглөө Цэрэндондогийн унаган адууны хар гүүнээс төрсөн юм. 1989 онд шүдлэн насандаа Цэнхэрмандал сумын наадамд аман хүзүү, 1990 онд хязаалан насандаа Цэнхэрмандал сумын наадамд 8-д, 1991,1992 онд соёолон насандаа Цэнхэрмандал сумын наадамд түүрүү магнай, 1993 онд Их насандаа Хэнтий аймаг байгуулагдсаны 70н жилийн ойд түрүү, Жаргалтхаан сумын наадамд түрүү магнай, Цэнхэрмандал сумын наадамд түрүү магнай, 1994 онд Цэнхэрмандал сумын наадамд түрүү магнай, Жаргалтхаан сумын наадамд түрүү магнай, 1995 онд Цэнхэрмандал сум байгуулагдсаны 70н жилийн ойд түрүү, Жаргалтхаан сумын наадамд түрүү магнай, 1996 онд Жаргалтхаан сумын наадамд түрүү магнай, Цэнхэрмандал сумын наадамд түрүү магнай, 1997 онд Ардын хувьсгалын 76н жилийн Төрийн их баяр наадамд аман хүзүү, Хардал Жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн хурдан морьны уралдаанд түрүүлсэн. 1998 онд Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд-1 уралдаанд айргийн 5-д хурдалсан, 1998 онд Оонон хар азарга нь “Түмэн эх” цол авсан. Оонон хар азарганы хөшөө 20.24м2 талбайд цемент цутган дээр нь цементийг өнгөлөн суурь хийж уг баримлыг тогтоосон. Баримлыг төмрөөр гагнаж хэвэнд оруулан өнгөлж хийсэн. Уг барималын өмнө талд Өнө цагийн Оонон хар уу, Өвгөн ноёны Алтан хишиг үү, Олойр татсан тэнгэрийн заадас уу, Од хайраагүй “Нар ,Сар” тамга уу, баруун, зүүн талд нь Оонон хар азраганы амжилтыг тус тус төмөр дээр цагаан будгаар сийрүүлэн бичсэн байна.
2022-10-05 11:22:53