Манай сумаас долоон хошуу даншиг 10н засгийн наадамд амжилттай барилдаж алдар суугаа мандуулж явсан олон хүчтэнүүд төрсөн бөгөөд тэдгээрийн дундаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөх бол Цэнхэрийн голын Гэндэндаржаа хэмээх нэрээр монгол бөхийн түүхэнд мөнхрөн үлдсэн даншгийн арслан Сайнбилэгийн Гэндэндаржаа юм. Гэндэндаржаа арслан нь 1883онд Халхын Цэцэн Хан аймгийн далай дархан бээлийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт төрсөн. Бөхийн оноо дансанд Цэнхэрийн голын их шавийн Дэлгэр их уулын гэсэн 3 янзаар бүртгүүлэн барилдаж явснаас үзэхэд одоогийн Цэнхэрмандал сумын нутгийн хүн болох нь тодорхой юм. Тэрээр 1906 оны даншгийн наадмаас эхлэн барилдаж Хэвт ёсны 3-р он буюу 1911 оны халхын долоон хошуу даншгийн наадамд барилдсан 1032 бөхөөс 10 даван Их монгол хэмээх Хасын Шаравжамц аваргатай үлдэн үзүүрлэж арслан цол хүртсэн байна. Тэрээр 1912 оны Даншгийн наадамд 1032 бөхөөс 8 давсанаас гадна 1911 оны 10н засгийн наадамд 5, 1913 оны 10н засагт 5, 1915 оны 10 н засагт 5, 1917 оны 10н засагт 6, 1918 оны 10н засагт 7 даван луу гүний алдарт Г.Вандан аваргад унан үзүүрлэж, 1925 оны улсын баяр наадамд барилдсан 640 бөхөөс 5 даван шөвгөрсөн, 1926 оны улсын наадамд 4 давсан бүрэн бус мэдээ байгаа бөгөөд наадмын дэвжээнээ 20 гаруй жил зодголохдоо ихэнх наадамд шөвгөрсөн агуу хүчит арслан байжээ. Тэрээр хэрлэн голын зүүн бие Гутай Цагаан Чцлуутаар нутаглаж байсан Хорол гэгчтэй гэр бүл болон амьдарч байхдаа нэгэн хүүтэй болсон нь хожмын домогт бөх Л.Чимид арслан бөгөөд 1920-иод оны үед Цэнхэрийн голоор нутаглаж Дамдин хэмээх эмэгтэйтэй гэрлэн одоогийн Өмөндэлгэр сумын нутаг болох Балдан Бэрээвэн хийдрүү нүүн очиж суурьшин амьдарсан байна. Тухайн үеийн хамгийн том наадам болох долоон хошуу Даншгийн наадам 1912 оноос хойш зохиогдоогүй бөгөөд Гэндэндаржаа арслангийн ид гялалзаж явсан үетэй давхцсан байна. Тэрээр хамгийн сүүлчийн 2 даншиг наадамд дараалан их шөвөгт үлдэж үзүүрлэснээс үзхэд аваргын энтэй бөх байсан нь тодорхой юм. Ямартай ч 20-р зууны цаг тооллын эхний мөчлөгийн хамгийн шилдэг бөхчүүдийн нэг болох Цэнхэрийн голын Гэндэндаржаа арслан долоон хошуу даншигийн наадам зохиогдохоо больсноор арслан цолтой үлдсэн түүхтэй юм.
Хөшөөний тайлбар
20.24м2 талбайд цемент цутган дээр нь цементийг өнгөлөн суурь хийж уг баримлыг тогтоосон. Баримлыг төмрөөр гагнаж хэвэнд оруулан өнгөлж хийсэн. Уг барималын өмнө талд Улам нэмэх, тонж гарамгай бүхнээ дуурсгагч идэр арслан Даншгийн арслан Сайнбилэгийн Гэндэндаржаа \1888-1946\, зүүн болон баруун талд нь Гэндэндаржаа арслангийн амжилтуудыг төмөр дээр будгаар сийрүүлэн бичиж бэхэлсэн байна.
2022-10-05 11:18:57