Бор-өндрийн хурлын туурь буюу Бор-Өндөрийн Дашчойлон хийд гэж байжээ.
Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутагт сумын төвөөс чанх урагш 8н км-т Бор-Өндөр хэмээх тахилга уулын баруун урд талд Цэнхэрийн голын зүүн биед Бор-Өндөрийн Дашчойлин хурал оршин байжээ. Одоо энэ газарт барилга байгууламжийн ул мөр бүхий хэдэн чулуу Төвдөөр “УМ” хэмээх үсэг сийлсэн хөшөө үлджээ. Хурлын туурийг хэмжих боломжгүй аж. 1934-1938 оны Хүрээ хийдийн судалгаанд Бор-өндөрийн хийд Дангачойлин нь Цэнхэрийн голын зүүн талд Бор-өндөр хэмээх газар Дээрхийг тэтгэгч хааны 34-р он 1760 онд Тайж Цэрэнжав, Дугар, Тай Гонгор,Дэндэв нарын санаачилгаар байгуулагдсан бөгөөд сүм дуган 1, 130 ламтай, гэр 3, модон байшин 9, адуу 500, үхэр 650, хонь 3000тай хийд байсан хэмээн тэмдэглэджээ. Хараалын үг хэлэх, муу зүйл бодох, ойр орчимд бие засах, архидан согтуурах , эмэгтэй хүн гарахыг цээрлэнэ. Бор-Өндөр тахилгат хайрхан нь бор дарсанд догширдог учир эрт дээр үеэс архи хүртсэн хүн гардаггүй гарсан тохиолдолд ямар нэгэн муу зүйл болдог учраас цээрлэж ирсэн. Лусын овоонд өөрийгөө “Эм амьтнаас гараагүй үйлийн хорвоод төрөөгүй үхэх төрхийг үзээгүй” гэж онгод нь орохдоо хэлдэг домогтой учир лусын овоонд эмэгтэй хүн гардаггүй байна. Овооны наадамд охин хүүхэд уралдааны морь унах, ан хийх, бие засах, нар буруу эргэх, чулуу нэмэхгүй өнгөрөх, элдэв хог новш хаяхыг онцгой цээрлэдэг байна.
2022-10-05 09:58:19