МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ УУРХАЙЧИН БЯМБААГИЙН НЯМТАЙШИР

1955.07.24-д Монгол, Хэнтий, Цэнхэрмандалд төрсөн. Монголын уул уурхайн инженер, бизнесмэн. ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг маркшейдер инженер мэргэжлээр төгссөн (1980). 1980-84 онд НАХЯ-ны Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газарт төлөөлөгч, 1984-86 онд Политехникийн дээд сургуулийн уул уурхайн тэнхимд эрдэм шинжилгээний ажилтан, 1986-90 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороонд мэргэжилтэн, 2013-17 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн аж үйлдвэрийн бодлогын асуудлаар орон тооны бус зөвлөх, 2015-17 онд Монгол Улсын Ерөнхий сайдын аж үйлдвэрийн бодлогын асуудлаар орон тооны бус зөвлөхөөр ажилласан. 1993 оноос Монголын Алт (МАК) ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч, Бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байна. Түүний удирсан компани нь улс орны эрчим хүчний үйлдвэрийг чанартай нүүрсээр хангах, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 1998 оноос Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Алагтогоогийн нүүрсний ордод өөрсдийн хүч, хөрөнгөөр нарийвчилсан хайгуул хийж, төвийн бүсийн үйлдвэр, аж ахуйн газрууд болон дулааны цахилгаан станцуудад сайн чанарын чулуун нүүрс нийлүүлж, гаднаас импортолж байсныг зогсооход онцгой үүрэг гүйцэтгэжээ. Монгол Улсын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, үндэсний  үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ажилгүйдлийн түвшнийг бууруулах, эзэнгүйдсэн зах хязгаар нутагт хүн ам төвлөрөн суурьших бололцоог бүрдүүлэхийн төлөө нийгэм, эдийн засгийн олон талт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа Монголын  шилдэг бизнесменүүдийн нэг юм. Монгол Улсын Гавьяат уурхайчин цол хүртсэн (2005).

2022-09-15 17:26:46