Аймгийн Засаг дарга арванхоёрдугаар сарын 5 буюу аймгийн төсөв батлагдахаас өмнө сумдад тэр дундаа иргэдэд тулгамдаж буй асуудлыг нэг бүрчлэн сонсож шийдвэрлэх боломжит асуудлыг төсөвт тусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Цэнхэрмандал сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж тэдний асуултад хариулт өглөө.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга аймаг орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, газрын асуудал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл өглөө.
Мөн хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудыг дэмжих зорилгоор "Амжилтын гараа" төсөл хэрэгжүүлж хоёр иргэнд 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгодог. Уг төсөлд сумдаас материал ирүүлэх нь ховор байгаа учир бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудад боломж байгаа талаар онцолж цаашид таван иргэнд 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоход анхаарч буй талаараа мэдээллээ.
Мөн их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэж буйтай холбогдуулан "Зөгийн үүр" хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Харин иргэдийн зүгээс тус сум төв магистрал зам дагуу байрладаг онцлогтой учир мал дайруулах, автомашинууд гэрлээ шилжүүлдэггүйн улмаас авто осол гарах зэрэг асуудал хүндрэлтэй байдаг тухай санал хүсэлтээ хэллээ.
2023-10-24 17:30:00